“Югра”-2018 Олон улсын гар урлалын фестивальд оролцов.
ganbii

ЮНЕСКО болон “Северный форум” байгууллагын ивээл дор зохион байгуулагдсан “Югра”-2018 Олон улсын гар урлалын Х фестиваль 2018 оны 6-р сарын 8-10-ны хооронд ОХУ-ын Ханты-Мансийск хотод болж ШУТИС-ийн ҮТС-ийн Дизайны салбарын дэд профессор, урлаг судлалын доктор (Ph.D), дизайнер Ц.Батсайхан оролцов.

Энэ удаагийн фестивальд Конго, Монгол, Узбекистан болон ОХУ-ын 11 бүс нутгаас эрдэмтэн судлаачид, зураач, урчууд хүрэлцэн ирж оролцов. Өмнөх жилүүдэд Финлянд, Унгар улсуудаас тогтмол оролцож байжээ. Фестивалийн хүрээнд зохион байгуулагдсан ур чадварын тэмцээнд нийт 94 урлаач 16 төрлөөр өрсөлдөж, 5 ялагчийг тодруулахад монгол үндэсний эсгий ширмэл урлагаар оролцсон Ц.Батсайхан ялагчийн нэгээр тодорсон байна.

Мөн фестивалийн хүрээнд “Модон барилгын өв” семинар зохион байгуулагджээ.

Гар урлалын тэмцээний шүүгчдээр Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн урлаг судлалын тэнхмийн профессор, Строгановын нэрэмжит Үйлдвэр урлалын сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга болон Удмуртийн их сургууль, Нальчикийн их сургуулийн профессорууд ажилласан байна.

Энэхүү арга хэмжээний нэг онцлог нь намар 10 сард эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, хавар 6 сард фестиваль зохион байгуулагддагт оршино.

Ц.Батсайхан “НАУЧНОЕ ИССЛЕДОВАНИЕ, КРЕАТИВНОЕ МЫШЛЕНИЕ И ИННОВАЦИЯ ВОЙЛОЧНОГО КОВРА “ШИРМЭЛ”” нэртэй эрдэм шинжилгээний өгүүллээ илгээсэн нь зохион байгуулагчдын сонирхлыг татаж, ширмэлийн урлагийг бодитоор урлаж үзүүлэн уралдаант шалгаруулалтанд орохыг хүссэний дагуу тэрээр энэ удаад оролцон Төв Азийн нүүдэлчдийн гар урлалыг сурталчлан таниулаад иржээ.

Ширмэл урлаг фестивалийн онцлог урлалын нэг мөн байсан тул зохион байгуулагчдаас гадна хотын иргэдийн сонирхлыг татаж, орон нутгийн телевиз болон сонин хэвлэлд ярилцлага өгч тэдний сонирхсон асуултад хариулсан байна. Зохион байгуулагчдын зүгээс урлаачид мэргэжлийн болон бусад түвшинд судлаач байхыг онцолж байсны сайн жишээнд манай сургуулийн багшийн ажлыг онцолж хэвлэлийн мэдээнд дурьдсан байна.