“Спортын хоол, шим тэжээлийн байдал” сэдэвт семинар болов
ganbii

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль (ҮТС) болон БНСУ-ын “WITH” Төрийн Бус Байгууллага болон Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар хамтран “Спортын хоол, шим тэжээлийн байдал” сэдэвт семинарыг 2017 оны 10-р сарын 4-нд Шинжлэх ухаан технологийн номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа.

Семинарыг нээж ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн захирал Ж.Туяацэцэг, “WITH” ТББ-ын Монгол дахь төлөөлөгч Пак Гён Хи болон ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир Спортын Газрын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр нар үг хэлэв.

 

Семинарын хөтөлбөрийн дагуу БНСУ-ын “ТЭРИН” үндэсний спортын цогцолборын хоолзүйч, доктор Cho Seong Suk уригдан ирж “Олон улс дахь спортын хоол, шим тэжээлийн хөгжил ба ирээдүй: БНСУ, Япон, Австрали улсын жишээ” болон “Спортын амжилтанд үзүүлэх хоол, шим тэжээлийн нөлөө” сэдвээр маш сонирхолтой илтгэл тавьж, зарим алдартай тамирчдын бэлтгэл болон тэмцээний үеийн хооллолтын тухай илтгэл танилцуулав. ШУТИС, ҮТС-ийн Биотехнологи, Шим судлалын тэнхимийн профессор Г.Энхтайван “ШУТИС, ҮТС болон Биеийн Тамир Спортын Газрын хооронд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийсэн ажлын тайлан”, Биеийн Тамир Спортын газрын Спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний албаны эрдэм шинжилгээний ажилтан, МУ-ын гавъяат дасгалжуулагч, ШУ-ны доктор, профессор Л.Ням “Үндэсний шигшээ багийн тамирчдын эрүүл мэнд, хоол, шим тэжээлийн өнөөгийн байдал”, МУИС-ын сэтгэл судлалын багш, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, докторант Б.Золзаяа “Тамирчдын амжилтанд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх мэдлэг, хандлага, зан үйл” сэдвээр тус тус илтгэл тавив.  

 

Энэхүү семинарт Биеийн Тамир Спортын Газрын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Үндэсний шигшээ багийн албаны дарга Э.Билэгт, Спортын Анагаах ухааны эрдэм шинжилгээний албаны ЭША Б.Эрдэнэваанчиг, Б. Чаминчулаан болон тус албаны эмч Ш.Болормаа, Ш.Өсөхбаяр болон бусад багш, дасгалжуулагч, тамирчид, Олимпийн хорооны Допингийн эсрэг үндэсний хорооноос Г.Сүхбат, МУ-ын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийн багш, Аварга дээд сургуулийн багш, дасгалжуулагч, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, Эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хоолзүйчид, суралцаж буй оюутнууд зэрэг нийт 108 хүн хамрагдлаа. Семинарын хүрээнд олон улсын спортын шинжлэх ухааны хөгжлийн түвшин, БНСУ-ын тамирчдын бэлтгэл болон тэмцээний үеийн хооллолтын тухай мэдээлэл авч, Монгол улсын хэмжээнд спортын хоолзүй, шим тэжээлийн талаар сургалт, судалгааг хийх цаашид тамирчдын ирээдүйн амжилтанд салбар бүрийн мэргэжилтнүүд бүгд хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.  

 

                                                                  Шим тэжээл судлалын төв

LATEST NEWS

news


MORE NEWS